Anthropic компани 9-р сарын 22-нд Claude Opus 5.5, 9-р сарын 28-нд Claude Sonnet 5.5 загваруудаа танилцуулж, Claude 5.5 цувралаа эхлүүллээ. Хоёр загвар хоёулаа Claude Platform болон Amazon Web Services, Google Cloud, Microsoft Azure үүлэн платформууд дээр шууд ашиглах боломжтой болсон.
Claude Opus 5.5
Компанийн мэдээлснээр Opus 5.5 нь ихэнх даалгаварт Claude Fable 5.1 загварын түвшний гүйцэтгэл үзүүлдэг бөгөөд Opus 5-аас 40% бага зардалтай, 30% хурдан хариу үүсгэдэг. Агентын программчлал, компьютер удирдах (computer use) болон мэдлэгийн ажилд онцгой сайжирсан гэж тайлбарлажээ.
Шинэ үнэ (1 сая токен тутамд):
- Оролт: $4 (өмнө нь $5)
- Гаралт: $20 (өмнө нь $25)
- Кэшээс унших: $0.20 (өмнө нь $0.50)
Anthropic-ийн нийтэлсэн үзүүлэлтээр Opus 5.5 нь Terminal-Bench 4.0 дээр 66.4%, компьютер удирдах чадварыг хэмждэг OSWorld 2.1 дээр 81.8%-ийн үр дүн үзүүлсэн. API-д claude-opus-5-5 нэрээр дуудагдана.
Claude Sonnet 5.5
Sonnet 5.5 нь Sonnet 5-ын үнийг (1 сая токен тутамд оролт $2, гаралт $10) хэвээр хадгалсан ч 30%-иас илүү хурдан хариу үүсгэж, нэг даалгаварт ногдох зардлыг 30% хүртэл бууруулдаг гэж компани мэдэгдсэн. Алдаа засах, тодорхой хүрээтэй өдөр тутмын даалгавар, баримт бичиг, слайд, хүснэгт бэлтгэхэд хамгийн сайн гэж тодорхойлжээ. API нэр нь claude-sonnet-5-5.
Хөгжүүлэгчдэд ямар ач холбогдолтой вэ?
Хамгийн чадварлаг түвшний загваруудын үнэ буурч байгаа нь агент дээр суурилсан, олон алхамт системүүдийн ашиглалтын зардлыг шууд бууруулна. Opus 5 эсвэл Sonnet 5 ашиглаж буй системүүд загварын нэрийг солих замаар хямд, хурдан хувилбар руу шилжих боломжтой. Гэхдээ шилжихээсээ өмнө өөрийн тестийн багцаар (eval) үр дүнг харьцуулж шалгахыг зөвлөж байна.